Russia Support
- 1. Манжийн дарлал ба Орос ахын тусламж 70 жил холгож, 20 жил голсон ядмаг “дүү”-гийндээ ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев айлчлав. 20 жил нүүр буруулсан ахыгаа гэнэт зочлоход зэлүүд талын цайлган дүү нь баярласан гэж жигтэйхэн. Аугаа ачтан ах гуай нь яаж ганзага хоосон морилохов, уртаашаагаа хоёр гоё бэлэгтэй иржээ. Нэг нь, Москвад буудуулсан монголчуудаас 19-ийнх нь баримт зарим гэрэл зураг, нөгөө нь, Их өр гэгчийг эцэслэн шийдэхэд халаасалж хоцорсон 188 сая ам. доллар. Бэлгээ гардуулахад манай ахмадууд ойрын жил тасарсан найрамдал-дружбагаа уухайлан баясав. Хөөрсөн ахмад дайчдын тасалдангуй хоолойг залуу үеэр өргүүлэх гэж төр засаг багагүй зүтгэв. Тэгтэл орос ах минь, Их өрийн үлдэгдлийг төлөхгүй аваас төслүүдэд гарын үсэг зурахгүй гэж сурсан зангаараа томорч, уран, Таван толгойд хяналтаа тогтоож, Өмнийн говийн баялгуудыг зөөх төмөр зам тавина гэж диктовалдаад буцлаа. Зүүн хойд Ази руу хамгийн дөт боомт Тянь-Жингаар газрын баялгаа гаргах гэсэн донгио дүүгийн нь бизнес будаа. Сибир Алс дорнодын хэдэн мянган км тойруу Оросын төмөр замд куниндшулуулах гэрээнд маанаг дүү нь ярзайтал инээсээр үзэглэв. Их өрөөс сугалж үлдээсэн 188 сая ам. доллар, АНУ-ын мянганы сорилын корпорациас төмөр замд оруулах гэхэд Орос хорьчихсан 188 саятай тохирч байдаг? АНУ-аас 188-ын тусламж аваад Орост өөрөөсөө 188-ыг өрөнд төлж болох болов уу? Якунин манайд зээлүүлж буй 36 саяараа баярхахдаа АНУ-ын 188 саяыг хааснаа мартсан мэт ханхалзав. Манжууд татвараа төлөх чадваргүй хоосорсон айлын зулын цөгцийг хөмөрч тавиад явдаг байж. Энэ нь тэр өрхийн татварыг тэглэж буй юмсанж. Оросын ерөнхийлөгч энэ удаа Монголын зулын цөгцийг өвөртлөөд буцах шив дээ. Худалдаа хийхэд биднээс хураадаг дэлхийд ижилгүй өндөр татвараа дорвитой хөнгөлөхгүй цартай. Шатахууныхаа үнийг нэмээд явлаа. Манай газар шороон дээр нууц протоколиор барьсан хэдэн орон сууцаа монгол гэр шиг буулгаж ачаад явах боломжгүйгээс арга буюу орхисон. Тэр хэдэн сууцаараа манай хэдэн айлыг 20 жил давхар шулснаа эцэслэнэ гэх амлалтаа мөн л давтжээ. Манж биднийг яаж дарлаж асныг тодорхой болгомоор. Татвар авч байсан гэдэг. Гэхдээ манжийн үед малчин айлд татварт төлөх мөнгөн зоос гар дээр нь бэлэн байсан нь юу л бол. Оросод малаа саяхан болтол суурь сууриар тууварлаж асан шиг Манжид малаа тэгж өгч байсан баримт түүхэнд алга. Газрын баялаг олборлож, зөөсөнгүй. Манжийн үед хар гэрээс өөр шорон үгүйгээс одоо музейд үзмэр болоод буй банз шаахайнаас ондоо хэлмэгдүүлэлт байсангүй. Банз шаахай зэргийг ганц Манж бус дундад зууны улс бүр хэрэглэж байв. Монголчуудыг Бээжинд хөөж аваачаад хэдэн арваар нь цаазлаагүй. Тэдэнд цаазлуулсан хүмүүс бий. Гэхдээ Москвад болон нутагтаа оросуудад буудуулсан шиг тийм олон түмээр тоологдохгүй. Манжийн дарлал ба Орос ахын тусламжийг дэнсэлж, үнэнээр нь хойч үедээ үлдээх нь жирийн ёс билээ. Халхын голын байлдааныг болъщевик суртлаар шүтэж явах ёстойг саяын айлчлал сануулах гээд ч байх шиг. Орос Япон хоёр Монголыг булаацалдаж, Халх голд мөргөлдсөн гэж дэлхий дахин үздэг. Энэ мөргөлдөөнийг дэлхийд ганцхан улс өөрөөр ойлгодог. Тэр улс нь Монгол. Япон нь мангас, Орос нь бурхан байгаагүй. Хоёр мангас Монголыг эзлэхээр тулалдсан. Коммунист суртал юу гэж бидний тархийг угаасан билээ? Орос биднийг элгэндээ тэвэрч, биднийг хүйс тэмтрэх гэж довтолсон Японыг дарж, биднийг эгүүрт жаргаасан гэдэг. Зөвлөлтийн заавраар зохиосон сурах бичгүүдийг нээгээд үз. Тэнд ахын сургаал одоо ч хахалдаж буй. Оросын бидэнд өгсөн жаргал гэж юу байв? Хоцрогдол хоосролд авчирсан лоозон л байв. Жаргал гэдэг нь яргалал болсныг монголчууд амь биеэрээ туулсан. Империалист Япон ч мөн тэгэх л байсан биз. Уг нь Орос Япон хоёр Монголыг булаацалдахдаа тэртээ дээгүүр нүдэлдэж л байг, харин бид, “Хэн нь дийлдэг юм бол доо, бурхан минь” гэж залбираад, ямар ч зэвсэггүй хойно, толгойгоо даавуу малгайгаараа халхлаад хэвтэж байх байсан. Гэвч монголчууд Оросын тулгалтаар дайнд оролцсон нь ядуу хүний зовлон барагдашгүй гээч болсон юм. “Монголчуудыг толгой дараалан устгах зорилготой япончуудыг аврагч бурхан орос ахынхаа ачаар дийлсэн нь маш азтай ялалт” гэсэн хадаас бидний тархинд зоолттой нь Медведевийн айлчлалаар улс төрийн дээд түвшинд ч цухулзаж буй нь гайхалтай. Монголыг ашиг сонирхлын бүс нутаг болгохоор, өөрөөр хэлбэл, олзны хойноос тэмцэлдсэн хоёр их гүрний хоорондын байлдаанд үрэгдсэн орос япон цэргүүдээс илүү бидэнд огт хамаагүй дайнд алтан амиа алдсан монгол цэргүүд даанч хөөрхий. Мэхлэгдсэн ойлголтондоо сохроор мөргөсөөр яваад үхэх даанч харамсалтай. Монголчуудыг өрөвддөг орос олон бий. Оросын нэрт зохиолч, сэтгүүлч Леонид Шинкарев 1989 онд “Известия” сонинд “Эрэн зууны эргэлт дээр” нийтлэл бичсэн юм. Тэр нийтлэлд, “Монголчууд ч хөршөө чадах бүхнээрээ дэмжиж байсан. Дайны жилүүдэд зөвлөлтийн армид өгсөн 500 мянган шилмэл агт нь их буу чирэн Европыг хөндлөн гулд туулсан билээ. Баяжуулсан хүдэр, хайлуур жонш, бас бус нөөц, мах, ноос, амьтны арьс, савхин хувцас, хивс, нэхий дээл, үстэй тоодон дээл, дулаан бээлий ч өнөөдрийг хүртэл хуваалцсаар байна. Гэхдээ илүүдсэн зүйлээ өгөөгүй. Бас олон улсын ажил хэргийн огцом эргэлт бүхэнд хэзээ ч хамт байдаг юм. Бид өөрсдөө найз нөхрийнхөө мөрийг бас түшдэгээ мартсан юм шиг гагцхүү өөрийнхөө тусламжийн тухай л дандаа ярьсаар хоёр талын аль алийг нь эвгүйцүүлсэн өрөөсгөл ойлголт олон нийтэд төрүүлжээ. Төрөлхийн даруу зан нь монголчуудыг энэ тухай яриулдаггүй байх” гэжээ. Тэр бээр “хайлуур жонш олборлох зөвлөлт, монголын хамтарсан үйлдвэр “Бор өндөр”-т Монголын тал нэг тэр бум төгрөг оруулж, тийш нь дөрвөн мянган ажилчин илгээлээ. Ямар ч ашиг алга. Нэг тонн баяжмал хүдрийн өөрийн өртөг 830 төгрөг, гэтэл гадаад худалдааных нь үнэ 483 төгрөг аж. 1986 оныг хүртэл монголчууд тэр алдагдлыг өөрийнхөө хэр тааруу төсвөөсөө нөхдөг байж” гэж Шинкарев гэмшингүй аясаар 20 жилийн тэртээ бичсэн сэн. Гэтэл саяхнаас “Бор өндөр” солонгосын техник технологиор ашигтай ажиллаж эхлэв. Урам орсон ажилчид телевизээр баярлан ярьж байна. “Тусламж” гэж монголын ард түмнийг хуураад, зээлээр барьсан Оросын дэндүү хоцрогдсон бүх үйлдвэр алдагдлаар өөрийгөө идээд зогсохгүй, манай төсвийг залгиж, зээл дахин авахаас аргагүйд хүргэж, зээл хүүтэйгээ шатлан өсч байв. Ийм замаар Монгол өөдлөх нь байтугай өрөнд унасан билээ. Эрдэнэтийн алдагдлыг олон жил төсвөөс төлсөн. Оросууд бидэнд барьж өгсөн өөрийгөө иддэг үйлдвэрүүд, алдагдалтай ажилладаг САА, орон сууц зэргийнхээ зээлийг данслаад л явж. Харин Монгол Орост 50-60 жил зүгээр шахам өгч байсан мал сүргийнхээ их цуваа, түүхий эд ашигт малтмалынхаа урсгалыг дансалсангүй. Коммунизмд оруулах сайхан үгэнд нь хууртсан тал бий. Гэхдээ сорчлон цаазлуулж байсан учир моготгож уурыг нь асаахаас айсан нь яах аргагүй үнэн. Уужим талын цайлган сэтгэл айхтар гэнэджээ. Яг саяын “монросцветмет”-ийн өр шиг. Оросууд биднийг алахдаа ч өрөвдсөнгүй, шулахдаа ч өрөвдсөнгүй. 11 тэрбум шилжих рублийн Их өр гэгчийг оросууд түүхэн урт хугацаанд далдуур хураажээ. Хожсон дээрээ хожих гэсэн шунаг сэтгэл нь нэг рублээ нэг доллар хүчээр болгож, 11 тэрбум ам. доллар нэхдэг байгаа. Уг нь 11 тэрбум шилжих рубль 600 сая доллар аж. Ийм увайгүй гүрний атганд зуу шахам жил мөлжүүлээд алуулаад энэ хэртэй үлдсэндээ бурханд мөргөх нь зүй. Польш Чех Германд зөвлөлтийн цэрэг байрлаж байхдаа тухайн орны байгаль орчны сүйтгэлийг төлөөд гарсан. ЗХУ-ын цэргийн ангиуд Монголд 1966 оноос 1992 оныг дуустал 26 жил байрлахдаа 188 нутгийг эзэгнэн сүйтгэсэн боловч манайд ямар ч төлбөр төлсөнгүй. ЗХУ Вьетнамын усан боомтыг нэг жил ашиглахдаа 500 сая ам. доллар төлсөн. Кубад нэг радио станц байрлуулсныхаа төлөө жилд 110 сая ам. доллар төлж байжээ. “Орос ах” гэж дэндүү шүтдэг муу Монголдоо хүний ёсоор хандсангүй. Энэ жудаггүй зан их Оросын нэрэнд хар толбо болох учиртай. Эдүгээ Оросын худалдааны өндөр тарифаас шалтгаалж, Монгол асар их алдагдалд унадаг. Алдагдалд сөхрүүлдэг тарифаа өөрчлөөгүй цагт ийм айлтай наймаа хийх нь тэнэг хэрэг. Хоёр улс худалдаагаа нэг миллиард ам. долларт хүргэнэ гэсэн нь давжээ. Худалдаа өсөх хэрээр Монголын алдагдал нэмэгдсэн нь мэдээж. Ийм маягаар цаашид наймаагаа өсгөх сонирхол Оросод төрөлгүй яахав, харин Монгол алдагдалтай түншлэлээ аймаар ихэсгэж буй нь хэдэн жилийн дараа ямархуу өрөнд унах бол гэхээс айдас төрнө. Эрдэнэтийн нөөц ашигласны төлбөрийг нэхэхэд оросууд, “Тийм татвар гэж байдаггүй юм, малуудаа!” гэх маягаар манай удирдагчдыг загнаад өгсөнгүй. Манайхан 10-аад жил нэхэж байж жоохон юм халайлгасан түүхтэй. Саяын айлчиллыг хар! Юу ч гэхэв дээ. Илжиг модон хударгандаа дуртай гэж?!.. Их өрийн үлдэгдэл 188 саяыг манай төр засаг төлж л таарна. Гэхдээ ард түмнээсээ нууцаар хэд нугалах уранаар төлөх вий.